|
||||
-------------------------------------------------------------------------------------------------------- Улс төрд биеэ авч явах хэм хэмжээ, ёс суртахууны асуудал нь төр засаг, парламентын удирдагчдын төдийгүй хандивлагч байгууллагуудын анхаарал татсан асуудал хэвээр байна. Гэвч одоогоор Засгийн газар, Парламентын хүрээнд тодорхой хэм хэмжээ, зааг ялгаа тогтоох талаар ярьж тохирсон зүйл бага байгаа нь ажиглагдаж байна. Бэлэг ямар нөхцөлд хахууль болох вэ? Улс төрийн сонгуулийн кампанийн үеэр өгсөн амлалтууд аль хэр үнэ цэнэтэй вэ? Улс төрчдийн зан байдал бусдаас илүү өндөр хэм хэмжээнд байх ёстой юу? Эдгээр асуултад хариулт өгөх үүднээс Нээлттэй Нийгэм Форум нь улс төрчдийн ёс суртахууны зохих хэм хэмжээг батлан гаргахад туслах зорилготой үндэсний төрөл бүрийн зөвлөгөөн, хэлэлцүүлгийг зохион байгуулах замаар асуудлыг олон талаас нь хэлэлцэхийг зорьж байна. Үйл ажиллагаа УИХ-ын гишүүн Д.Алтайгаар ахлуулсан ажлын хэсэг “УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм”, “Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн дүрэм” гэсэн хоёр эрх зүйн баримт бичгийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан 2003 онд Нээлттэй Нийгэм Форумаас ёс зүйн зохих хэм хэмжээг батлан гаргах явдлыг дэмжих зорилгоор олон нийтийн хэлэлцүүлэг явуулж, асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн юм. Улс төр дэх ёс зүй нь улс төрчдөд хамаатайгаар зогсохгүй өөрсдийн итгэл үнэмшил, улс төрийн намын мөрийн хөтөлбөрт тулгуурлан аль нэг улс төрчийн төлөө саналаа өгч буй иргэдэд мөн хамаатай асуудал мөн. Энэ нь тэрчлэн улс төрчдийн үзэл бодлоо бодит байдал дээр хэрэгжүүлдэг газар болох парламентад ч хамаатай. Өөрөөр хэлбэл, улс төрчдийн ёс зүйн дүрэм нь сонирхогч бүх бүлгийн үзэл бодлын уулзвар дээр байдаг. Нээлттэй Нийгэм Форум энэ талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, янз бүрийн сонирхол, үзэл бодлын өнцгөөс дэвшүүлсэн дүрмийн төслүүдийг нэгтгэн дүгнэх, тэдгээр нь бусад хууль тогтоомжтой хэрхэн уялдаж байгаад дүн шинжилгээ хийхийг зорьж, энэ сэдвээр он-лайн хэлэлцүүлэг зохион байгуулж, дүнг нийтээр хэлэлцүүлэхийн зэрэгцээ Парламентын ажлын хэсэгт илгээсэн. Санал болгосон ёс зүйн дүрмийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг Улаанбаатар хот, Төв аймгийн Зуунмод суманд тус тус зохион байгууллаа. Нээлттэй Нийгэм Форум энэ ажилд улс төр судлаачдаас бүрдсэн хараат бус шинжээчдийг хөлслөн ажиллуулсан бөгөөд шинжээчдийн баг санал болгосон дүрмийн талаар үнэтэй санал зөвлөгөө өгсөн юм. Дээрх шинжээчдийн баг улс төрчдийн ёс зүйн асуудлыг хянах хараат бус бүлэг болж зохион байгуулагдсан болно. |
Улс Төрчдийн Ёс Зүй
төсөлд холбогдох мэдээлэл
- Нийтлэл, ярилцлага
- Д.Алтай: Парламентын гишүүд гэр бүл, хамаатныхаа хүнийг шууд өөрийн удирдлагадаа ажиллуулахыг хориглосон
- Монголын парламентчид ёс зүйн дүрэмтэй болох цаг айсуй, Д.Гантуяа
- Д.Алтай: Ёс зүйн дүрмийг батлаагүй нь авилгалын асуудалтай холбоотой
- УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэдгийг хэн тогтоох вэ? Д.Гантуяа
- Хэлэлцүүлэг, уулзалт
- Бусад эх сурвалж
- Хуулийн төсөл