|
||||
ННФ-ын санаачлага, хүний эрх болон байгаль орчны ТББ-уудын идэвхи, зүтгэлээр 2000 оноос эхлэн нийтийн эрх ашгийг шүүхээр хамгаалах туршлага бий болж, нийгэмд тулгарч буй олон асуудлаар нийтийн эрх ашиг, иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад тодорхой үр дүн гарлаа. Гэвч нийтийн эрх ашгийг шүүхээр хамгаалахад нэлээдгүй хүндрэл бэрхшээл тулгардаг ба түүний нэг нь эрхзүйн таатай орчинг бүрдүүлэх асуудал юм. Энэ хүрээнд “Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь” сэдэвт онол практикийн хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран 2012 оны 4 дүгээр сарын 26-27-ны өдөр Их Тэнгэр цогцолборт зохион байгууллаа. Энэ хурлаар нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хууль, шүүх, төрийн болон төрийн бус байгууллагууд, өмгөөлөгчид, хуулийн сургуулийн төлөөлөл санал солилцон цаашид нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах үйл ажиллагааг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэхэд таатай эрхзүйн орчинг бүрдүүлэхэд шаардлагатай холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар тодорхой санал зөвлөмж гаргалаа. Олон улсын туршлага, чиг хандлагатай танилцах үүднээс Харвардын Хуулийн сургуулийн Хүний эрхийн хөтөлбөрийн захирал Минди Жейн Роүзмен, Нийтийн эрх ашгийн хуулийн дэлхийн сүлжээний Бээжин дэх салбарын захирал Роберт Прехт нарыг хуралд урьж оролцуулсан нь чухал ач холбогдолтой боллоо. Онол практикийн бага хурлын дараа ННФ төрийн бус байгууллагуудын идэвхи санаачлагыг дэмжиж нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах талаар ажиллах сонирхолтой төрийн бус байгууллагуудын дунд тэтгэлэгт уралдаан зарласан юм. Одоогоор нийтийн эзэмшлийн газрын маргаан, ахуйн хог хаягдлын менежмент, байгаль орчны хууль тогтоомжийн асуудлаар гурван байгууллага нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэх төсөл хэрэгжүүлж байна. | ||||