|
||||
Нээлттэй Нийгэм Форум 2006 оны жилийн тайлан [PDF]
Улиран одсон 2006 он -Монголын тулгар төр эмхлэн байгуулагдсны түүхт 800 жилийн ойн жил байлаа. Өнөөдөр бидний монголчууд ямар хүч чадал, нүүр царайтай байгаа тэр л хэмжээгээрээ энэ ховор тэгш ойг дэлхийн олон улс оронтой хамтран байж тэмдэглэн өнгөрүүлэв. Энэхүү түүхэн ойг тэмдэглэхэд манай байгууллага ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэн хөдөө, орон нутгийн номын сангуудын сан хөмрөгийг түүх, нийгэм, эдийн засгийн чиглэлээр сүүлийн үед хэвлэгдсэн зохиол бүтээлээр өргөтгөлөө. Нээлттэй Нийгэм Форум байгуулагдсан цагаасаа эхлэн байнга анхаарлаа хандуулж ирсэн нэг гол асуудал болох Авилгын эсрэг хууль 2006 онд батлагдлаа. Энэхүү хуулийг батлах үйл явц иргэний нийгмийн болон бусад гадаад хүчин зүйлийн хүчтэй шахалт, шууд хяналт, нөлөөн дор өрнөсөн юм. Ийнхүү 15 гаруй жилийн туршид яригдаж ирсэн Авилгын эсрэг хууль хэрэгжих болсноор Монгол орны баялгийг иргэд бидний өмнөөс захиран зарцуулж байдаг төрийн өндөр албан тушаалтнууд анх удаа хөрөнгө, орлогоо олон нийтэд ил тод мэдээлэхээр боллоо. Одоо гагцхүү иргэд бид идэвхитэй байж эрх баригчид нийтийн баялгийг хувьдаа болоод намдаа завших, ойр дотныхондоо зувчуулах явдлыг таслан зогсоох л үлдэж байна. Түүнчлэн авилгатай тэмцэх зорилгын хүрээнд Нээлттэй Нийгэм Форум иргэний нийгмийн байгууллагуудын төрд тавих хөндлөнгийн хяналтыг сайжруулахад дэмжлэг болгон арга зүйн болоод санхүүгийн туслалцаа үзүүлсээр ирлээ. Улсын төсвийн орлого урьд байгаагүйгээр нэмэгдэх үндсэн эх үүсвэр болсон уул уурхайн салбар 2006 онд аанай л олны анхаарлын төвд байлаа. Иргэд, олон нийтийн хөдөлгөөнүүдийн санаачилга, тэмцлийн үр дүнд Монголын парламент .Ашигт малтмалын тухай. хуулийг шинэчлэн баталж, уул уурхайн хөгжлийн ашиг шимийг монголчууд шударгаар хүртэх боломж нээгдлээ. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид, Монголын олон нийтийн эрх ашиг харилцан дүйцэхүйц эрх зүйн шинэ орчин бүрэлдэж эхэлж байна. Уул уурхайн салбар улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахад түлхэц болгох үүднээс ННФ олон нийтийг бодитой мэдээллээр хангахад түлхүү анхаарч нээлттэй ярилцлага хэлэлцүүлгүүдийг өрнүүлсний зэрэгцээ салбарын зарим асуудлаар төр засагт зориулан тодорхой зөвлөмж боловсруулсан болно. Уул уурхай, ашигт малтмалын салбараас олох орлогыг шударгаар авах нөхцөл бүрдсэнээр хараахан тайвширч болохгүй юм. Цаашлаад хэдий хэрийн орлого олж байгаагаа Монголын олон нийт мэддэг, түүндээ бодитой хяналт тавьж чаддаг, улс орныхоо хөгжил, эрх ашигт нийцүүлэн зүй зохистой зарцуулдаг байх ёстой билээ. Чухам үүнд л манай улсын нэгдэн орсон Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга чухал ач тустай арга хэрэгсэл байна хэмээн бид үздэг. Иймээс энэхүү санаачилгыг бодит ажил хэрэг болгохын төлөө Нээлттэй Нийгэм Форум цаашид өөрийн хүч чадлаа дайчлан ажиллах болно. Монголд хүний эрх, эрх чөлөөг хангасан шударга нийгмийг бүрдүүлэх үйл хэрэгт ННФ ямагт анхаарч, хүчин чармайлт тавьсаар ирсэн билээ. Ийм хүчин чармайлтын нэг тодорхой жишээ бол төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх эрх зүйн туслалцаа юм. Хэрэг түвэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэд хүний эрхээ эдэлж эрх зүйн туслалцаа авдаг тогтолцоог бий болгох зорилгоор хэрэгжүүлсэн бидний төсөл үр дүнгээ өгч 2006 онд Засгийн Газраас .Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр.-ийг боловсруулан баталжээ. Улс орны хөгжлийн амин сүнс болсон орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Нээлттэй Нийгэм Форум дөрвөн аймгийн дөрвөн суманд төр, бизнес, иргэдийн оролцоотойгоор орон нутгийн эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлал, төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга замыг боловсруулахад нь туслалцаа үзүүлж эхэллээ. Энэ мэт хийж бүтээсэн, бүтээхийг оролдон зорьж яваа үйл хэргээ Та бүхний өмнө толилуулан буй энэхүү тайланд хураангуйлан багтаасан бөгөөд сонирхогч авхай үзэн танилцаад бидэнтэй хамтарч бодол төрөн хөдөлбөл баярлан хүлээн авах болно. Нээлттэй Нийгэм Форумын
| ||||
(Оноор)
төсөлд холбогдох мэдээлэл
- Жагсаалт
- Нээлттэй Нийгэм Форум 2014 оны жилийн тайлан
- Нээлттэй Нийгэм Форум 2012 оны жилийн тайлан
- Нээлттэй Нийгэм Форум 2011 оны жилийн тайлан
- Нээлттэй Нийгэм Форум 2010 оны жилийн тайлан
- Нээлттэй Нийгэм Форум 2009 оны жилийн тайлан
- Нээлттэй Нийгэм Форум 2008 оны жилийн тайлан
- Нээлттэй Нийгэм Форум 2007 оны жилийн тайлан
- Нээлттэй Нийгэм Форум 2013 оны жилийн тайлан
- Нээлттэй Нийгэм Форум 2006 оны жилийн тайлан
- Нээлттэй Нийгэм Форум : 2005 оны жилийн тайлан