Нээлттэй Нийгэм Форум Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд санал, зөвлөмж боловсруулах цуврал хэлэлцүүлгийг хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор 2013 оны 6 дугаар сард болон 2014 оны 1 дүгээр сард тус тус зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр “Гэмт хэрэг, ялын талаарх харьцуулалт”, “Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд тусгагдсан эрүүгийн хариуцлага хүлээх ялын төрөл”, “Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ХЭҮК-оос өгөх санал зөвлөмж”, “НҮБ-ын хүний эрхийн механизмаас өгсөн зөвлөмж ба Гэмт хэргийн тухай хуулийн төсөл” сэдвээр Н.Туяа (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик судлалын тэнхимийн эрхлэгч), Д.Цэнд-Аюуш (Хууль хүний эрх ТББ-ын Тэргүүн), Б.Батаа (ХЭҮК-ын ахлах референт), Б.Хишигсайхан (ННФ-ын менежер) нар тус тус мэдээлэл хийсэн юм. Хуулийн төсөлд өгөх санал боловсруулахдаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Хүүхдийн эрхийн хороо, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо, Эрүүдэн шүүлтийн эсрэг Тусгай илтгэгчдээс Монгол Улсын Засгийн газарт эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд ирүүлсэн нийт 62 зөвлөмжийг анхааран судаллаа. Мөн Эрүүгийн загвар хууль болон одоогийн Эрүүгийн хуулийн зохицуулалттай харьцуулан судалсан судалгаа, шинжилгээ болон практик ажлын туршлагыг өргөнөөр ашиглалаа. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгасан хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон улсын гэрээг сахин биелүүлэх, гэрээний хороод болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ирүүлсэн санал дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд онцгой ахиц дэвшил болохуйц зохицуулалт агуулж байгааг төрийн бус байгууллагууд сайшаан хэлэлцэхийн хамт хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.